Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам




ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ
КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН
ТУШААЛ

ПРИКАЗ ГЕНЕРАЛЬНОГО ДИРЕКТОРА

КОМПАНИИ С ОГРАНИЧЕННОЙ ОТВЕТСТВЕННОСТЬЮ
“ПРЕДПРИЯТИЕ ЭРДЭНЭТ”
2013 оны 09 сарын 11 өдөр                           Дугаар А/476 Эрдэнэт

Түр журам батлах тухай

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн

ТУШААХ нь:

1. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журмыг Зөвлөлийн Оросын хэсгээр батлагдах хүртэл түр мөрдсүгэй (Хавсралт №1).

2. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавихыг өөртөө үлдээсүгэй.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                          Ц.ДАВААЦЭРЭН

Зөвлөлийн Монголын хэсгийн
2013 оны 8 сарын 26-ны өдрийн
Хуралдааны хавсралт

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан
авах ажиллагааг зохион байгуулах түр журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК (цаашид компани гэх)-ийг илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлагыг үндэслэн тус компанид бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Компанийн дүрэм, энэхүү журмыг удирдлага болгоно.

1.2. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх, үйлдвэрлэгчээс шууд худалдан авах зарчмыг баримтална.

Хоёр. Худалдан авах ажиллагаа

2.1. Компанийн хэрэгцээнд бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа захиалагч цех, нэгжүүдээс Материал техникийн хангамжийн хэлтэс, Их барилгын хэлтэс, Хөгжлийн хэлтэс зэрэг холбогдох хэлтсүүдэд ирүүлсэн захиалгыг компанийн барааны үлдэгдэл, Зөвлөлийн хурлын шийдвэртэй тулган нэгггэж, тухайн оны нэгдсэн захиалгыг Ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогчтой зөвшилцөн Ерөнхий захирлаар батлуулна. Зайлшгүй тохиолдолд нэгдсэн захиалгад нэмэлт өөрчлөлт оруулах ба нэмэлт захиалга нь Шинжлэх ухаан техник инновацийн комиссийн шийдвэрийг үндэслэн Ерөнхий захирал баталсан тохиолдолд хүчинтэй байна.

2.2. Компанийн худалдан авах бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг (Нэгдсэн болон нэмэлт захиалга, хөрөнгө оруулалтын) компанийн цахим хуудас, сонин хэвлэлд тухай бүр нийтэлнэ.

2.3. Компанид бараа, ажил үйлчилгээг нэгдсэн захиалгын дагуу худалдан авахдаа дараах журмыг баримтална.

2.3.1. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1-д заасан босго үнээс доош төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад харьцуулалтын аргаар;

2.3.2. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худапдан авах тухай хуулийн 8.1,-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын журмаар;

2.3.3. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд гэрээ шууд байгуулах аргаар.

2.4.Тендерийн үнэлгээг хийхдээ Орхон аймагт татвар төлөгч иргэн, хуулийн этгээдийг дэмжинэ. Үүнд:

2.4.1. Орхон аймагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан

2.4.2. Орхон аймгаас хамгийн их ажиллах хүч авсан

2.4.3. Орон нутгийн татварын албанд өргүй байх

2.5. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худапдан авах тухай хуулийн 34.1.5-д заасны дагуу гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер щалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мердөх боломжгүй тохиолдолд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болох бөгөөд онцгой нѳхцѳл байдалд дараах тохиолдлуудыг хамааруулна. Үүнд:

2.5.1. Тасралтгуй ажиллагаатай үйлдвэрлэлийн техник, тоног тѳхѳѳрѳмжийг яаралтай шинэчлэх, сэлбэг хэрэгслийг худалдан авах, гарсан эвдрэл гэмтлийг яаралтай засварлах

2.5.2. Байгалийн гамшиг, гал түймэр, үер усны аюул, гэнэтийн ослын улмаас компанид учирсан хохирлыг арилгах

2.6. Шууд үйлдвэрлэгчээс бараа худалдан авахдаа шууд худалдан авах аргыг хэрэглэнэ.

Гэрээт борлуулагч нараас бараа худаладн авах тохиолдолд шууд худалдан авах аргыг хэрэглэнэ. Техник, эдийн засаг маркетингийн хэлтсүүд энэ тохиолдолд холбогдох судалгааг хийж чиглэл хариуцсан орлогч захиралд хүргүүлнэ.

2.7. Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх тохиолдолд дараахи баримтуудыг бүрдүүлнэ.

2.7.1. Эдийн засаг, маркетингийн хэлтэс болон Техникийн хэлтсийн санал

2.7.2. Чиглэл хариуцсан захирлын зөвшөөрөл.

Гурав. Гэрээ байгуулахад харгалзах үзүүлэлтүүд

3.1. Бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа үйлдвэрлэгчээс эсвэл гэрээт борлуулагчаас шууд худалдан авах чиглэлийг баримтална.

3.2. Гэрээ байгуулахад дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:

3.2.1. Тухайн компанийн санхүүгийн чадавхи, барьцаа хѳрѳнгѳ

3.2.2. Бизнесийн туршлага, ажиллах хүчний чадвар

3.2.3. Тусгай зѳвшѳѳрѳлтэй эсэх

3.2.4. Татварын өртэй эсэх, шүүхэд хариуцагчаар татагдаж байсан эсэх

3.2.5. Үйлдвэрлэгч, түүний гэрээт борлуулагч эсэх

3.2.6. Зах зээлийн бодит үнийг санал болгож буй эсэх

3.2.7. Баталгаат хугацаатай эсэх

3.3. Компанитай байгуулсан өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй хуулийн этгээд, хувь хүнтэй дахин гэрээ байгуулахыг хориглох

3.4. Гэрээг урьдчилгаа төлбөргүй хийхийг эрмэлзэнэ. Үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай тохиолдолд урьдчилгаа төлбөртэй хийж болно.

Дөрөв. Гэрээ байгуулах

4.1. Нэгдсэн захиалгад харъяа цех, нэгжээс санал ирүүлэхдээ тухайн барааны техникийн нөхцөл, ажил үйлчилгээг өөрсдийн шаардлагад нийцүүлэн тусгасан байна. Тухайн захиалгыг Техникийн хэлтэс хянаж баталгаажуулна.

4.2. Захиалга бүрийн үнийн саналыг Эдийн засаг, маркетингийн хэлтсийн зах зээлийн судалгааг үндэслэн тодорхойлно.

4.3. Гэрээ байгуулах үе шат:

4.3.1. Нэгдсэн захиалгын дагуу Материал техникийн хангамжийн хэлтэс, Их барилгын хэлтэс, Хөгжлийн хэлтэс болон бусад нэгжийн хариуцсан ажилтан тухайн бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх санал ирүүлсэн компаниудаас энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа компаниудтай хэлэлцээ хийнэ.

4.3.2. Хэлэлцээний үр дүнд чанар, үнэ, хугацаа, нийлүүлэх нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдээр харьцуулсан судалгаа гаргаж, харъяа хэлтэс, цехийн удидлага, Ерөнхий захирал, чиглэл хариуцсан орлогч захиралд хүргүүлнэ.

4.3.3. Чиглэл хариуцсан орлогч захирал, Ерөнхий захирал нар зѳвшилцсѳний үндсэн дээр чанар, үнэ, хугацаа, нийлүүлэх нѳхцѳл зэрэг гол үзүүлэлтүүдээр хамгийн боломжит хувилбарыг санал болгож байгаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэр гаргана. Гэрээний тѳслийн талаар Ерөнхий захирал, түүний Нэгдүгээр орлогчийн хооронд саналын зөрүү үүссэн тохиолдолд Ерөнхий захирлын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэнэ.

4.3.4. Гэрээний төслийн

- Техникийн нөхцлийг Техникийн хэлтэс ба захиалагч цех, нэгж
- Хууль зүйн үндэслэл, үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаас (барьцаа, баталгаа, батлан даалт г.м) аль тохиромжтойг хэрэглэх саналыг Хуулийн хэлтэс
- Үнийн саналыг Эдийн засаг, маркетингийн хэлтэс болон Үнийн комисс
- Төлбөр төлөх нөхцлийг Санхүүгийн хэлтэс
- Татвар суутгах нөхцлийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс тус тус хянаж, санал өгнө. Харъяалах цех хэлтсүүдийн саналыг үндэслэн чиглэл хариуцсан орлогч захирлууд, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч болон Ерөнхий захирал зөвшөөрөл өгнө.

4.4. Гэрээний төслийг чиглэл хариуцсан орлогч захирал өөрийн биеээр Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч болон Ерөнхий захирал нарт танилцуулж гарын үсэг зуруулна.

4.5. Ерөнхий захирлын гарын үсэг зурсан гэрээнд Тамгын хэлтэс компанийн тэмдэг дарж баталгаажсанаар хуулийн хүчин төгөлдөр болно.

4.6. Хүчин төгөлдөр болсон гэрээг Хуулийн хэлтэс бүртгэлийн дэвтэрт бүртгэж эх хувиар нь хадгална.

4.7. Гэрээний хэрэгжилтийн явцад гэрээг хариуцсан ажилтан, түүний харъяа хэлтэс, захиалагч цех, нэгж явцын хяналт тавих ба гэрээг хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг шаардах, албан бичиг, шаардлага хүргүүлэх зэрэг гэрээг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

4.8.Гэрээ хугацаандаа биелэгдээгүй тохиолдолд ажлын 10 хоногийн дотор энэ тухай Хуулийн хэлтэст бичгээр мэдэгдэж, холбогдох баримтуудыг эх хувиар хүргүүлнэ.

Тав. Хариуцлага

5.1. Гэрээ байгуулах, гэрээнд санал өгөх ажиллагаанд оролцож буй компанийн удирдах албан тушаалтнууд, ажилтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэрээ хийхэд оролцохгүй байх, тэдэнтэй гэрээ хийхэд нөлөөлөхгүй байх үүрэгтэй.

5.2.Гэрээ байгуулах, гэрээнд хяналт тавих, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн өр авлагыг барагдуулах үйл ажиллагаанд оролцож буй ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, энэхүү журам, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцлагыг хүлээлгэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна.


Зөвлөлийн Монгол хэсгийн дарга: Д.Цогтбаатар
Гишүүд:

Н. Буяндэлгэр        Х.Золжаргал
Р.Жигжид                Г.Цогтсайхан