Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам



2013.09.11

Түр журам батлах тухай

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шиидвэрийг үндэслэн

ТУШААХ нь:

1. 2013 оны 09 дүгээр асрын 02-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр”ХХК-д бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журмыг Зөвлөлийн Оросын хэсгээр батлагдах хүртэл түр мөрдсүгэй (Хавсралт №1).

2. Энэхүү тушаалын биелэлтэнд хяналт тавихыг өөртөө үлдээсүгэй.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ц.ДАВААЦЭРЭН

Зөвлөлийн Монголын хэсгийн

2013 оны 8 сарын 26-ны өдрийн

Хуралдааны хавсралт

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан

авах ажиллагааг зохионбайгуулах түр журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ”Эрдэнэт үйлдвэр” ХХК (цаашид компани гэх)-ийг илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлэх шаардлагыг үндэслэн тус компанид бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Компанийн дүрэм, энэхүү журмыг удирдлага болгоно.

1.2. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх, үйлдвэрлэгчээс шууд худалдан авах зарчмыг баримтална.

Хоёр. Худалдан авах ажиллагаа

2.1.Компанийн хэрэгцээнд бараа ажил үйлчилгээг худалдан авахдаа захиалагч цех, нэгжүүдээс Материал техникийн хангамжийн хэлтэс, Их барилгын хэлтэс, Хөгжлийн хэлтэс зэрэг холбогдох хэлтсүүдэд ирүүлсэн захиалгыг компанийн барааны үлдэгдэл, Зөвлөлийн хурлын шийдвэртэй тулган нэгтгэж, тухайн оны нэгдсэн захиалгыг Ерөнхий захирлын чиглэл хариуцсан орлогчтой зөвшилцөн Ерөнхий захирлаар батлуулна. Зайлшгүй тохиолдолд нэгдсэн захиалгад нэмэлт өөрчлөлт оруулах банэмэлт захиалга нь Шинжлэх ухаан техник инновацийн комиссийн шийдвэрийг үндэслэн Ерөнхий захирал баталсан тохиолдолд хүчинтэй байна.

2.2.Компанийн худалдан авах бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг (Нэгдсэн болон нэмэлт захиалга, хөрөнгө оруулалтын) компанийн цахим хуудас, сонин хэвлэлд тухай бүр нийтлэнэ.

2.3. Компанид бараа, ажил үйлчилгээг нэгдсэн захиалгын дагуу худалдан авахдаа дараах журмыг баримтална.

2.3.1.Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.-д заасан босго үнээс доош төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад харьцуулалтын аргаар;

2.3.2.Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын журмаар;

2.3.3. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд гэрээ шууд байгуулах аргаар;

2.4.Тендерийн үнэлгээг хийхдээ Орхон аймагт татвар төлөгч иргэн, хуулийн этгээдийг дэмжинэ. Үүнд:

2.4.1. Орхон аймагт үйлдвэрлэсэн бараа, материал үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан

2.4.2. Орхон аймгаас хамгийн их ажиллах хүч авсан

2.4.3. Орон нутгийн татварын албанд өргүй байх

2.5. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасны дагуу гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй тохиолдолд гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болох бөгөөд онцгой нөхцөл байдалд дараах тохиолдлуудыг хамааруулна. Үүнд:

2.5.1.Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг яаралтай шинэчлэх, сэлбэг хэрэгслийг худалдан авах, гарсан эвдрэл гэмтлийг яаралтай засварлах

2.5.2. Байгалийн гамшиг, гал түймэр, үер усны аюул, гэнэтийн ослын улмаас компанид учирсан хохирлыг арилгах

2.6. Шууд үйлдвэрлэгчээс бараа худалдан авахдаа шууд худалдан авах аргыг хэрэглэнэ. Гэрээт борлуулагч нараас бараа худалдан авах тохиолдолд шууд худалдан авах аргыг хэрэглэнэ. Техник, эдийн засаг маркетингийн хэлтсүүд энэ тохиолдолд холбогдох судалгааг хийж чиглэл хариуцсан орлогч захиралд хүргүүлнэ.

2.7.Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх тохиолдолд дараах баримтуудыг бүрдүүлнэ.

2.7.1.Эдийн засаг, маркетингийн хэлтэс болон техникийн хэлтсийн санал

2.7.2.Чиглэл хариуцсан захирлын зөвшөөрөл

Гурав. Гэрээ байгуулахад харгалзах үзүүлэлтүүд

3.1. Бараа, ажил үйдчилгээг худалдан авахдаа хэрэглэгчээс эсвэл гэрээт борлуулагчаас шууд худалдан авах чиглэлийг баримтална.

3.2. Гэрээ байгуулахад дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:

3.2.1.Тухайн компанийн санхүүгийн чадавхи, барьцаа хөрөнгө

3.2.2. Бизнесийн туршлага, ажиллах хүчний чадвар

3.2.3. Тусгай зөвшөөрөлтэй эсэх

3.2.4. Татварын өртэй эсэх, шүүхэд хариуцагчаар татагдаж байсан эсэх

3.2.5. Үйлдвэрлэгч, түүний гэрээт борлуулагч эсэх

3.2.6. Зах зээлийн бодит үнийг санал болгож буй эсэх

3.2.7. Баталгаат хугацаатай эсэх

3.3. Компанитай байгуулсан өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй хуулийн этгээд, хувь хүнтэй дахин гэрээ байгуулахыг хориглох

3.4. Гэрээг урьдчилгаа төлбөргүй хийхийг эрмэлзэнэ. Үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай тохиолдолд урьдчилгаа төлбөртэй хийж болно.

Дөрөв. Гэрээ байгуулах

4.1. Нэгдсэн захиалгад харъяа цех, нэгжээс санал ирүүлэхдээ тухайн барааны техникийн нөхцөл, ажил үйлчилгээг өөрсдийн шаардлагад нийцүүлэн тусгасан байна. Тухайн захиалгыг Техникийн хэлтэс хянаж баталгаажуулна.

4.2. Захиалга бүрийн үнийн саналыг Эдийг засаг, маркетингийн хэлтсийн зах зээлийн судалгааг үндэслэн тодорхойлно.

4.3. Гэрээ байгуулах үе шат:

4.3.1.Нэгдсэн захиалгын дагуу Материал техникийн хангамжийн хэлтэс, Их барилгын хэлтэс, Хөгжлийн хэлтэс болон бусад нэгжийн хариуцсан ажилтан тухайн бараа, үйлчилгээг нийлүүлэх санал ирүүлсэн компаниудаас энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа компаниудтай хэлэлцээ хийнэ.

4.3.2.Хэлэлцээний үр дүнд чанар, үнэ, хугацаа, нийлүүлэх нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдээр харьцуулсан судалгаа гаргаж, харъяа хэлтэс, цехийн удирдлага, Ерөнхий захирал, чиглэл хариуцсан орлогч захиралд хүргүүлнэ.

4.3.3.Чиглэл хариуцсан орлогч захирал, Ерөнхий захирал нар зөвшилцсөний үндсэн дээр чанар, үнэ, хугацаа, нийлүүлэх нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдээр хамгийн боломжит хувилбарыг санал болгож байгаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулах шийдвэр гаргана. Гэрээний төслийн талаар Ерөнхий захирал, түүний Нэгдүгээр орлогчийн хооронд саналын зөрүү үүссэн тохиолдолд Ерөнхий захирлын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэнэ.

4.3.4.Гэрээний төслийн

- Техникийн нөхцлийг Техникийн хэлтэс ба захиалагч цех, нэгж

- Хууль зүйн үндэслэл, үүргийн гүйцэтгэлийг хангах асуудлаас (барьцаа, баталгаа, батлан даалт г.м) аль тохиромжтойг хэрэглэх саналыг Хуулийн хэлтэс

- Үнийн саналыг Эдийн засаг, маркетингийн хэлтэс болон Үнийн комисс

- Төлбөр төлөх нөхцлийг Санхүүгийн хэлтэс

- Татвар суутгах нөхцлийг Нягтлан бодох бүртнэлийн хэлтэс тус тус хянаж, санал өгнө. Харъяалах цех хэлтсүүдийн саналыг үндэслэн чиглэл хариуцсан орлогч захирлууд, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч болон Ерөнхий захирал зөвшөөрөл өгнө.

4.4. Гэрээний төслийг чиглэл хариуцсан орлогч захирал өөрийн биеэр Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч болон Ерөнхий захирал нарт танилцуулж гарын үсэг зуруулна.

4.5. Ерөнхий захирлын гарын үсэг зурсан гэрээнд Тамгын хэлтэс компанийн тэмдэг дарж баталгаажсанаар хуулийн хүчин төгөлдөр болно.

4.6. Хүчин төгөлдөр болсон гэрээг Хуулийн хэлтэс бүртгэлийн дэвтэрт бүртгэж эх хувиар нь хадгална.

4.7. Гэрээний хэрэгжилтийн явцад гэрээг хариуцсан ажилтан, түүний харъяа хэлтэс, захиалагч цех, нэгж явцын хяналт тавих ба хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг шаардах, албан бичиг, шаардлага хүргүүлэх зэрэг гэрээг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

4.8. Гэрээ хугацаандаа биелэгдээгүй тохиолдолд ажлын 10 хоногийн тодор энэ тухай Хуулийн хэлтэст бичгээр мэдэгдэж, холбогдох баримтуудыг эх хувиар хүргүүлнэ.

Тав. Хариуцлага

5.1. Гэрээ байгуулах, гэрээнд санал өгөх ажиллагаанд оролцож буй компанийн удирдах албан тушаалтнууд, ажилтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээлтэй гэрээ хийхэд оролцохгүй байх, тэдэнтэй гэрээ хийхэд нөлөөлөхгүй байх үүрэгтэй.

5.2. Гэрээ байгуулах, гэрээнд хяналт тавих, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн өр авлагыг барагдуулах үйл ажиллагаанд оролцож буй ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас компанид учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, энэхүү журам, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан хариуцлагыг хүлээлгэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна.

Зөвлөлийн Монголын хэсгийн дарга: Д.Цогтбаатар

Гишүүд: Н.Буяндэлгэр

Г.Цогтсайхан

Х.Золжаргал

Р.Жигжид